Goo busgui
2011-05-21
Сул талыг нь харж нөхрөө сонго

Сул талыг нь харж нөхрөө сонго!

Бидний ихэнх нь, ирээдүйнхээ ханийг сонгохдоо юуны түрүүнд түүний хамгийн сайн талыг нь олж хардаг. Тэгээд л яах ийхийн зуургүй шууд л гэрлэж орхино. Гэтэл яг үүнд л бидний хамгийн том алдаа оршдог гэдгийг та мэдэх үү? Бас энэ гэнэн үйлдлийн яг эсрэгээр нь сонголтоо хийх ёстой гээд зөвлөчихвөл та яах вэ.
Ирээдүйн нөхрийнхөө сул талыг сайтар судалж мэдэх нь юу юунаас ч чухал. Зөвхөн амраглахдаа гарамгай байвал түүний мөнгө хийж чаддаггүй нь яахав гэж бодьё. Эсвэл үг дуу цөөтэй, хөгжилгүй атлаа таны хэлсэн болгоныг ёсчлон биелүүлдэг дуулгавартай нэгэн байг. Мэдээж “таван хуруу тэгш” өөгүй нэгэн гэж хаа байхав. Тэгэхээр аз жаргалтай сайн сайхан амьдрахын уг үндэс нь өв тэгш хүнтэй суухад биш харин ирээдүйн ханийн чинь сул талууд таны зан аашинд тохирч буй эсэх, дутууг тань нөхөж чадаж байгаа эсэхэд л оршиж юм шүү дээ. Иймээс сонголтоо хийхэд тань дөхөм болох үүднээс бид эр хүнийг зан чанар, дүр төрхөөр нь ангилж үзье.
Эмх цэгцгүй, заваандуу эр Шинж тэмдэг:
Зоогийн газар хооллосныхоо дараа амны цаас хэрэглэхийн оронд шууд л ханцуйгаараа амаа шудрах, сав л хийвэл шалан дээр юм алдаж унагах, сандал болгон дээр хиртэй өмд цамцаа шидлэх, оймс, гутал нь хаа хамаагүй хөглөрч хэвтэх зэрэг зуршилтай эрчүүд. Эдгээр зуршлыг нь засах арга:
Ээжийг нь дуудаж өөрийнх нь уран бүтээлийг /хүүг нь/ харуулж үглүүлэх
Түүний эргэн тойронд аль болох цөөн эд зүйлс байлгах, эсвэл бүр гар хүргэхгүйн тулд ахуйгаас хөндийрүүлэх. Хоосон шахуу өрөөнд байлгавал дээр ч юм уу.

Ирээдүй:
Ийм эмх цэгцгүй заваан байгаад сурчихсан эрчүүд засрах нь тун ховор үзэгдэл.
Ямар эмэгтэйтэй гэр бүл болвол тохирох вэ.
Хамгийн тохиромжтой хувилбар бол эр нөхрөөсөө илүү давсан эмх цэгцгүй, хэнэггүй эмэгтэй. Эхнэрээ “өрсөлдөгч” гэж үзээд эмх цэгцтэй болж магадгүй юм.
Эмх цэгцгүй байдлыг хошигнол болгож чаддаг эмэгтэй.
Хамгийн муу хувилбар бол цэвэрч нямбай, тэгш эрхийг эрхэмлэгч эмэгтэйтэй гэрлэх.

Дуу цөөнтэй, дуугүй эр
Шинж тэмдэг:
Утга төгөлдөр, бүтэн өгүүлбэрээр санаа бодлоо илэрхийлэх чадваргүй, амандаа бувтнах маягаар хаяа нэг үглэх бөгөөд зөвхөн инээмсэглэх төдийхнөөр дотор санаагаа гаргадаг эрчүүд

Засах арга:
Түүнийг өөрийг нь түрүүлэн ам нээж, яриа өрнүүлтэл нь яг адилхан амаа хамхиад дуугүй байх. Ийм маягаар дуугүй байхын зовлонг өөрт нь мэдрүүлэх.
Эсвэл танаас залхаж бүр давж гарч ярьдаг болтол нь тасралтгүй шулганах.

Ирээдүй:
Ийм ааш араншинтай эр хүн хэзээ ч танд сэтгэлээ нээхгүй л болов уу даа.

Таарч тохирох эмэгтэй:
Телевизийн хөтлөгч, сэтгэл судлаач, жүжигчний мэргэжилтэй эмэгтэйчүүд илүүтэй тохирно. Өдөржингөө ярьсаар бүр ядарч орхидог иймэрхүү мэргэжилтэй эмэгтэйчүүдэд гэртээ дуу цөөтэй нөхрийнхөө дэргэд анир чимээгүйхэн амарч суух нь жаргал биз дээ.
Найз нөхөд, хамаан саднууд нь маш яриасаг, чалчих дуртай эмэгтэй.

Харамч эр
Шинж тэмдэг:
Өөртөө шинэ хувцас худалдаж авахаасаа хүртэл гар татна. Цайллага дайллагад уригдсан ч явдаггүй. Зоогийн газар, нисэх онгоц болон зочид буудалд үнэгүй олгодог жижиг ууттай нэг удаагийн сахар, цай, саван сойз, углааш зэргийг бүгдийг нь хамаад авчихдаг араншин бүхий эрчүүд.

Засах арга:
Аз дайрч сугалаагаар асар их мөнгө хожих тохиолдолд л засарна. Мэдээж ийм аз “ тэнгэрээс од шүүрэх “ мэт ховор тохиолдох биш үү.

Ирээдүй:
Харамч хүн хэзээ ч “эмчлэгдэхгүй”. Гэхдээ ийм хүн танаас түрүүлж “мөнх бусыг үзүүлбэл” танд багагүй их өв хөрөнгө үлдээнэ. Харин та санаа зовох зүйлгүй үрж болох нь.

Таарч тохирох эмэгтэй
Адилхан харамч эмэгтэй.
Илүү дутуу юм хүсдэггүй, багахан хэрэгцээгээр амьдраад сурчихсан эмэгтэй.

Хүүхэмсэг эр
Шинж тэмдэг:
Эмэгтэйчүүдийн өмсч зүүсэн бүхнийг магтах дуртай, эмэгтэй хүнтэй ярилцаж суухдаа түүний биенд хүрэх, нүд рүү эгцэлж ширтэх дуртай эрчүүд.

Засах арга:
Эрчүүдийн хүрээнд аль болох бага байлгах. Эсвэл зөвхөн эмэгтэйчүүдтэй л ажиллуулах.

Ирээдүй:
Ийм эрчүүд хөгшрөхдөө эрээ цээргүй, шүлс нь савирсан буруу зөнөсөн өвгөн болох магадлал өндөр.

Таарч тохирох эмэгтэй
Өөртөө итгэлтэй холын хараатай, хэнэггүй эмэгтэй.
Иймэрхүү “хүндэтгэлд” дуртай эмэгтэй

Хувиа хичээгч “жаал”
Шинж тэмдэг:
Таны төрсөн өдрийг мартсан атлаа өөрийнхөө мэндэлсэн өдрөөр бэлэг өгсөнгүй хэмээн гоморхох.

Засах арга:
Цорын ганц найдлага бол хэдэн жил тэвчээртэй хүлээх. “Эрийн цээнд” хүрч ухаарч магадгүй шүү дээ.

Ирээдүй:
Тодорхой биш. Зарим нэг нь нас ахиад засардаг. Хэрвээ 25 нас хүрсэн ч хэвээр бол “мөнхийн хүүхэд” гэж бод.

Таарч тохирох эмэгтэй:
Өөртөө итгэлтэй, арга зальтай эмэгтэй. “Жаал хүүгийн” эвийг нь олж үгэндээ оруулах амархан биз дээ.
Хариуцлага хүлээх дуртай “ээж” зантай эмэгтэй.

Гол баатрын дүрд тоглох дуртай эрчүүд
Шинж тэмдгүүд:
Өөрийнх нь тухай яриа өрнөхгүй бол толгойгоо хаялж, ойр ойрхон хөлөөрөө шал тогшиж анхаарал татах үйлдлүүд хийдэг эрчүүд.

Засах арга:
Түүний сонирхлыг өөрийн юм шиг хүлээн авах. Эсвэл та өөрийн талын хүмүүсийн дунд ганцааранг нь орхи. Ухаарч магад.

Ирээдүй:
Ийм эрчүүд харамсалтай нь өөрөөсөө өөр юуг ч үл сонирхоно.

Таарч тохирох эмэгтэй:
Өөрийн гэсэн хатуу бодолгүй, амьдралаас тасархай, Барби хүүхэлдэй мэт эмэгтэй
Өөрийг нь ухаангүй шүтэн бишрэгч бүсгүй.
Намхан, халзан, нүдэнд үл өртөм эрчүүд
Ийм эрчүүдийг олж харах л юм бол өөрийн эрхгүй инээд хүрээд явчихдаг.

Засах арга:
Өнөөгийн анагаах ухаан хүчин мөхөсдөнө.

Ирээдүй:
Гялалзсан сайхан ирээдүй харагдана. Ийм эрчүүдийн нуруу намхан ч үр хүүхдүүд, хойч үед нь удамшихгүй. Халзан гэдэг бол тэнэг гэсэн үг биш биз дээ.

Таарч тохирох эмэгтэй:
Нөхрийнхөө гадаад төрх байдлыг үл тоож зөвхөн сэтгэл, хайр дурлалыг эрхэмлэдэг аз жаргалтай эмэгтэй.
Эр хүн бол төгс төгөлдөр байгалийн бүтээгдэхүүн биш ч гэлээ та бидний амьдрал цаг тутамд хувьсан өөрчлөгдөж байдгийг мартаж болохгүй. Та өнөөдөр харамч, хүүхэмсэг гээд олон сул талтай эртэй учирлаа ч хамт амьдрах явцад энэ бүгд засарч “үлгэрийн хан хүү” мэт сайхан эр болж магадгүй. Эсвэл нэг сул тал нь нөгөөгөөр солигдож ч магад.
Юутай ч эрчүүдээсээ боломжгүй зүйлийг эцэс төгсгөлгүй нэхэж шаардах нь бүсгүй таны амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. “Хамгийн, хамгийн” гэсэн тодотголтой ямар ч эр хүнд дээрх сул талуудын аль нэг нь байж таардаг гэдгийг санаж яваарай

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax